Бидний тухай

Монгол Улсын төрийн өмчит Хөгжлийн банк нь Монгол Улсын Засгийн Газрын 2010 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 195 дугаар тогтоолоор Монгол Улсын Хөгжлийн банк байгуулах шийдвэр гарч, УИХ-аас “Монгол Улсын Хөгжлийн банкны тухай” хуулийг 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдөр баталснаар, 2011 оны 3 дугаар сарын 25-ны өдөр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авч, 2011 оны 5 дугаар сарын 12-ны өдөр нээлтээ хийн албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм. Монгол Улсын Хөгжлийн банк нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг бий болгох, хөгжлийг түргэтгэхэд чиглэсэн дэд бүтэц, уул уурхайд түшиглэсэн, нэмүү өртөг шингэсэн, боловсруулах аж үйлдвэр, экспорт болон импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд шаардагдах дунд, урт хугацаатай, санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор байгуулагдсан.

Шагнал урамшуулал

Хэтийн зорилт

Монгол Улсаа өрсөлдөх чадвар сайтай, хөгжингүй, хүчтэй эдийн засаг бүхий улс болгох.

Нийгмийн хариуцлага

Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагааны онцлог нь Монгол Улсыг хөгжилд хүргэх бүтээн байгуулалтын үндэсний хэмжээний төсөл, хөтөлбөрүүдийг бизнесийн болон нийгмийн эрх ашигтай зохистойгоор хослуулан санхүүжүүлэхэд оршдог. Энэхүү санхүүжилтийн үр дүнд улс орон, бүс нутгийн нийгэм, эдийн засаг болон Монгол хүний хөгжил, үнэ цэнийг өсгөхөд чухал хувь нэмэр оруулах эхлэлийн суурийг тавьсан. Бид Монгол Улсыг хөгжилд хүргэх үндэсний хэмжээний төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхийн зэрэгцээ хүрээлэн буй орчны болон нийгмийн тулгамдсан асуудлуудад анхаарал хандуулж, богино хугацаанд олон нийтэд чиглэсэн ажлуудыг санаачлан зохион байгуулан ажиллахад анхаарал тавьж байна. Монгол Улсын Хөгжлийн банк нь үндэсний хэмжээний бүтээн байгуулалтад санхүүжилт олгохдоо улс орны хөгжилд шинэ дэвшилтэт техник, технологи, инновацийг нэвтрүүлэх, байгаль орчинд ээлтэй, нийгэм эдийн засгийн үр өгөөжтэй байдлыг анхаарахын сацуу үндэсний аж ахуйн нэгж байгууллагыг төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагаанд татан оролцуулж чадавхийг нь нэмэгдүүлэх, ажлын байр олноор бий болгох замаар иргэдийн амьжиргааг сайжруулах бодлогыг чухалчлан, хийх ашгийг урьтал болголгүй ажилладаг.

Монгол Улсын хөгжлийн түүхийг бүтээлцэх боломж

Бид банк байгуулагдсан цагаас эхлэн өнөөдрийг хүртэл банкны үйл ажиллагааны цар хүрээ, өсөлт, хөгжилтэй холбоотойгоор хүний нөөцийг бүрдүүлэх, зөв зохистой удирдах бодлогын хүрээнд энэ салбарын хамгийн шилдэг туршлагатай мэргэжилтнүүдийг урьж ажиллуулж байна. Монгол Улсын Хөгжлийн банкны ажилтан албан хаагчид мэргэжлийн өндөр ур чадвартай, туршлагатай, Монгол Улсын хөгжлийн төлөө гэсэн чин хүсэл эрмэлзэл, сэтгэлээр аливаад ханддаг, шинийг эрэлхийлэн манлайлагч, тууштай, багаар ажиллах чадварыг эзэмшсэн байх нь бидний амжилтын гол цөм юм. Монгол Улсын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэгч байгууллагын хувьд бид Монгол Улсыг хөгжилд хүргэх үнэ цэнийг бүтээхийн төлөө ажиллаж байна. Бид та бүхэнд шинэ үеийн чадварлаг, монголоо гэсэн сэтгэлээр нэгдсэн манай хамт олонтой хамтдаа Монгол Улсын хөгжлийн түүхийг бүтээлцэх боломжийг олгох болно.